Монголд судалгаа хийсэн нь

Оксфордын их сургуулийн Байгаль, нийгэм, хүрээлэн буй орчны засаглал хөтөлбөрийн магистрын оюутан надад 2024 оны зуны гурван сар гаруй монголд судалгаа хийх завшаан тохиосон юм. Миний судалгаа морин уралдаан, хурдан морьны жишээгээр морь гэх амьтан монголчуудын амьдрал, ижилсэлд соёлын ямар ач холбогдолтой вэ гэдэгт төвлөрсөн билээ. Тодруулбал, би барууны азаргатай эрлийзжүүлсний улмаас монгол адуунд гарч буй биологийн болон материаллаг өөрчлөлт монголын соёл, өөрийн гэсэн ялгаатай холбоотой хийсвэр ойлголтод хэрхэн нөлөөлж байгааг ойлгохыг хүссэн юм.

Энэ байдлыг илүү сайн ойлгохын тулд би Дундговь аймгийн Хулд сумын нэгэн адуучины гэр бүлтэй арван дөрвөн хоног амьдарч, адуутай холбоотой бүхий л зүйлийг ажиглаж, оролцож, (мөн туслахыг!) хичээсэн юм. Тэнд л би анх удаа монгол морь унаж, монголын өргөн уудам тал нутгаар давхих ямар гайхамшигтайг өөрийн биеэр мэдэрсэн билээ. Энэ хугацаанд би Улаанбаатар хотод зохион байгуулагддаг Үндэсний Их Наадам зэрэг нийт дөрвөн наадамд үзэж сонирхосон юм.

Дундговиос гадна би Төв аймгийн Сэргэлэн сум болон Хүй долоон хутагт болсон Даншиг наадмыг ч үзэв. Энэ хоёр наадам дээр би нийт 12 адуучинтай ярилцаж, тэд ч амьдралынхаа хэв маяг болон үзэж туулсанаа харамгүй хуваалцсан юм. Монгол адуучид английн залуу, цагаан арьст оюутан болох намайг морь сонирхоод зогсохгүй, морьдыг сайн ойлгодог, чадварлаг унаж байгааг маань ихэд гайхаж байв. Эдгээр адуучдаар дамжуулан би Сэргэлэн сумын өөр нэг адуучны гэрт зочлох боломжтой болж, тэнд – адуучин, түүний туслах, унаач хүүхдүүдийн дунд – анх удаа хурданы морь унаж үзсэндээ одоо ч итгэж ядан байна. Энэ уулзалт миний талаар тодорхой сэтгэгдэл төрүүлсэн бололтой, учир нь надад ирээдүйд хүчирхэг хурдан хүлэг болох найдлага бүхий 25%-ийн эрлийз унага бэлэглэсэн юм.

Ерөнхийдөө, миний судалгаа адууны ажил (үржүүлэг, уяа, уралдаан)-ийн өөрчлөлтийг онцлон судалж, үүний монголчуудын соёл, өөрийн ялгаралд үзүүлж буй хоёрдмол утга агуулгыг шинжилж, тайлбарласан гэж болно. Тусгайлан авч үзвэл, адуучид улам бүр монголын гүүг бусад үүлдрийн азаргананд хураалган, эрлийз унага үржүүлэх болж, барууны тэжээл, эм тариа, хамгаалалтын хучлага зэрэг бүтээгдэхүүнийг уламжлалт уяаны эрдэмтэй хослуулж байгаа талаар болж ирэв. Мөн Монголын засгийн газар энэ практикийг хязгаарлах, хянах зорилгоор өндрийн хязгаар тогтоосон ч эрлийз адуу монгол адууны уралдаанд оролцсоор байгааг тодруулсан юм.

Би цаашид эдгээр өөрчлөлт монголын соёл, үндэсний ялгаралд хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулж, үүнтэй холбоотой нарийн төвөгтэй, маргаантай, хоёрдмол хэлэлцүүлэг, үзэл бодол, хариу үйлдлийг судлав. Зарим адуучин энэ эрлийзжүүлэлтийг соёлын алдагдал, доройтол гэж үзэн, улмаар монгол адууны генетик, түүнтэй холбоотой онцлог шинж чанар, монголчуудын хувьд илэрхийлдэг үнэ цэн (жишээлбэл, хатуу ширүүн өвөлд нэмэлт арчилгаа шаардлагатай хэврэг байдал) суларч байна гэж үзэж байлаа. Энэ талаар цаашилбал, зарим адуучин эрлийзжүүлэлт нь эцэстээ монгол хурдан морийг өөрчилж, устгах болно гэж үзэж, харамсаж байсан юм. Харин зарим нь эдгээр өөрчлөлтийг хувьсал, хөгжлийн хэлбэр гэж үзэж, зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар шилмэл, шинэ эрлийз морь бий болгох боломж гэж ойлгож байв. Эдгээр өөр өөр, хоёрдмол хандлага нь зөвхөн адуучид болон Монголын засгийн газар хооронд биш, харин тухайн адуучдын дотор ч гарч байсан бөгөөд тэд ч заримдаа хэлж ярьсандаа эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан.

Мөн миний судалгаа морин уралдаанд оролцох боломжтой хүмүүсийн хүрээнд гарч буй өөрчлөлтийг баримтжуулсан. Түүхэн хувьд, ямар ч монгол хүн адуу сургаж уралдаанд оролцож чаддаг байжээ. Харин орчин үед барууны азарга, тэжээл, нэмэлт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг худалдан авах чадвартай, зөвхөн чинээлэг хүмүүсийг өрсөлдөх талбар болжээ. Мэдээж энэ байдал өчнөөн маргаан дагуулах бөгөөд жижиг, уламжлалт адуучид адуу өсгөх, уяах, наадамд явахад улам л хэцүү болж, чинээлэг адуучид морьдыг баялаг, ихэвчлэн хот суурин газарт амьдардаг хүмүүст зориулан сургаж, аж үйлдвэрийн хэв маягтай болгож байна. Энэ нь морин соёлд гарч буй өөрчлөлт, мөн морин уралдаан болон мал аж ахуйн хоорондын харилцааны өөрчлөлтийг тодорхой харуулж байна. Чинээлэг адуучид уламжлалт мал аж ахуйтай хосолсон системээс илүүтэй адуу үржүүлэх, уралдаанд бэлтгэхэд онцгой анхаарч байгаа нь ч улам тодорхой болсоор байгаа юм.

Монголд өнгөрүүлсэн гурван сар амьдралыг минь өөрчилсөн, сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй үйл явдал байсан юм. Энэ сайхан дурсамж ихэвчлэн миний судалгааны явцад уулзсан гайхамшигтай, халуун дотно, энэрэнгүй хүмүүс (мөн морьд)-тэй холбоотой нь дамжиггүй. Энэ бүхний эцэст монгол орон зөвхөн миний судалгааны талбар биш миний гэр, зүрх сэтгэлийн минь нэг хэсэгт үүрд үлдэх, намайг дахин дахин соронздог газар болж хувирсан юм. Хэн мэдэх билээ, магадгүй би тун удахгүй өөрийн монгол эрлийз морийг унахаар тал нутагт эргэж ирж, бүр адуучин болох ч юм билүү…

Tags:

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *